Шүүхийн иргэдийн төлөөлөгч таны гарын авлага

authoradmin date16-09-2017, 11:50 categoryГарын авлага 427 Үзсэн

Нэг. Та иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоо

Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэнийг хэлэх вэ?

Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж анхан шатны шүүхээр эрүүгийн, иргэний болон захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэд, олон нийтийг төлөөлөн оролцохоор сонгогдсон иргэнийг ойлгоно.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон явдал нь тогтмол шүүх хуралдаанд оролцож байх байнгын ажил үүрэг гэсэн үг биш юм. Та зөвхөн тухайн тохиолдлыг шийдвэрлэх хуралдаанд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн статустайгаар оролцоно. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу иргэн та жилд нэг удаа л шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоно.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч болоход ямар шаардлага тавигддаг вэ?

Иргэдийн төлөөлөгч нь Монгол Улсын иргэн байх,25 нас хүрсэн байх, эрх зүйн бүрэн чадамжтай байх, ял шийтгүүлж байгаагүй байх, Монгол хэлээр чөлөөтэй ярьж, ойлгодог байх, тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх, сонгогдох үедээ эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч бус байх, сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх шаардлагыг хангасан байна.

Таны хүлээн авсан шүүхийн мэдэгдэх хуудасны талаар та юу мэдэх вэ?

Шүүхийн мэдэгдэх хуудас гэдэг нь таныг шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хувиар шүүх хуралдаанд орохоор сонгогдсоныг албан ёсоор мэдэгдэж буй мэдэгдэл юм. Энэхүү мэдэгдэх хуудсанд таны оролцох шүүх хуралдаан болох өдөр, цагийг заасан байна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тухай мэдэгдлийг танд биечлэн гардуулж, гарын үсэг зуруулдаг. Хэрэв тодорхой шалтгааны улмаас биечлэн гардуулах боломжгүй тохиолдолд энэ тухай утсаар мэдэгдэж болно. Утсаар мэдэгдсэн тохиолдолд мэдэгдэх хуудсыг биечлэн хүлээн авсантай ижилд тооцогдох учир хариуцлагатай, анхааралтай хандаж, шүүх хуралдааны товыг сайтар лавлах нь зүйтэй.

Та шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авснаар юу хийх ёстой вэ?

Та шүүх хуралдаанд оролцох тухай мэдэгдэх хуудас хүлээн авсанаар хамгийн түрүүнд шүүх хуралдаанд оролцох боломжтой эсэхээ сайтар нягтлан бодох буюу шалгах хэрэгтэй. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн нь зөвхөн хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд л шүүх хуралдаанд оролцохоос чөлөөлөгдөх боломжтой. Хэрэв та хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхийн тамгын газарт нэн даруй мэдэгдэх ёстой болохыг анхаарна уу.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар дараах тохиолдлыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсанд тооцно.

- Эмнэлгийн магадлалаар баталгаажсан эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон.

- Ажил олгогчийн баталгаажуулсан албан томилолттой байсан.

- Бага насны хүүхэд болон бусад этгээдийг асран хамгаалж байгаа бөгөөд энэ талаар хорооны Засаг даргын тодорхойлолттой бол.

- Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай бол (хөл хорионд орсон, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон зэрэг).

Та өөрийн эрхэлдэг ажлаа хэрхэн зохицуулах вэ?

Та шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон тухай мэдэгдлийг хүлээн авсанаар хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй бол хуралдаанд оролцох боломжтой тухайгаа мэдэгдэх хуудас авмагц шүүхийн тамгын газарт мэдэгдэнэ. Ингэснээр шүүхийн Тамгын газраас таны ажил олгогчид шүүх хуралдааны өмнө энэ талаар мэдэгдэл хүргүүлдэг учир энэ талаар санаа зовох шаардлагагүй.

Ажил олгогч нь таныг шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах болсонтой холбогдуулан хариуцлага хүлээлгэж болох уу?

Ямар ч тохиолдолд ийм эрх байхгүй. Ажил олгогч тань шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсанаар иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаа чөлөө олгож, аливаа байдлаар саад учруулахгүй байх үүрэг хүлээдэг. Хэрэв ажил олгогч нь энэ үүргээ зөрчиж, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон ажилтанд чөлөө өгөхгүй байх, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй тохиолдолд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага болох нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль төлнө.

Хоёр. Та шүүх хуралд хэрхэн бэлдэх вэ?

Та шүүх хуралдааны өдөр хувцаслалтандаа юуг анхаарах вэ?

Та ерөнхийдөө өөрт эвтэйхэн байдлаар хувцаслах нь зүйтэй. Гэхдээ биеийн ихэнх хэсэг ил гарсан буюу хэт задгай, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг сурталчилсан үг хэллэг, дүрс, зураг бүхий хувцас өмсөх нь зохимжгүй болохыг анхаарна уу. Таны хувцаслалт таныг шүүх, шүүх ажиллагааг хэрхэн хүндэтгэж буйг тань илэрхийлнэ.

Та шүүх хуралдаанд юу авч очих шаардлагатай вэ?

Та шүүх хуралдаанд ирэхдээ шүүхийн мэдэгдэх хуудас болон иргэний үнэмлэхээ заавал авчирна.

Та шүүх хурлаас өмнө хэргийн материалтай танилцаж, бэлдэх ёстой юу?

Та хэргийн материалтай танилцаж, түүнээс тэмдэглэл хийх эрхтэй. Хэргийн материалтай танилцсанаар та шүүгдэгч, зохигчийн гэм буруугийн талаар өөрийн гэсэн дүгнэлтээ хийж, шүүх хуралдаан дээр тэдний мэтгэлцээнийг сонсож, харьцуулан өөрийн гэсэн дүгнэлтээ гаргахад ач холбогдолтой. Бас нэг давуу тал нь таны хэргийн материал танилцсан цагийг хөлс олгох цагт оруулан тооцох болно.

Гурав. Шүүх хуралдааны товлосон өдөр ирлээ.

Та шүүх хуралдаанаас ямар хугацааны өмнө шүүхийн байранд ирэх ёстой вэ?

Та шүүх хуралдаан болох цагаас дор хаяж нэг цагийн өмнө ирсэн байх

ёстой. Та шүүх хуралдаан болох цагийг тулгаж ирсэнээр шүүх хуралдаанаас өмнө хийгдэх ёстой ажлууд хийгдэж амжихгүй болох, ингэснээр шүүх хуралдаан товлосон цагаасаа хоцрох, хойшлогдох зэрэг олон үр дагавар гарч болзошгүй.

Та шүүхийн байранд ирээд хамгийн түрүүнд хэнтэй уулзах ёстой вэ?

Та Шүүхийн байранд ирээд хамгийн түрүүнд шүүхийн харуул, хамгаалалтын

ажилтантай уулзаж, шүүхийн мэдэгдэх хуудас, иргэний үнэмлэхээ үзүүлнэ. Үүний дараа шүүхийн харуул хамгаалалтын ажилтан таныг шүүхийн тамгын газрын ажилтантай уулзуулна. Шүүхийн тамгын газрын ажилтан нь шүүхийн иргэдийн төлөөлөгчийг тусгайлан бэлтгэсэн өрөөнд байлгаж, холбогдох ажлыг зохион байгуулна.

Та шүүх хуралдаан эхлэхээс өмнө юу мэдэх шаардлагатай вэ?

Та шүүх хуралдаан эхлэхээс өмнө өөрийн эдлэх эрх, хүлээх үүрэг, түүнчлэн шүүх хуралдааны дэгийн талаар мэдэх шаардлагатай.

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө анхаарвал зохих бусад зүйлс

Шүүх хуралдааны дэгийн дагуу та хуралдаан эхлэхээс өмнө гар утсаа унтраах буюу дууг нь хаах шаардлагатай. Түүнчлэн шүүх хуралдааны тасралтгүй явагдах зарчмыг хангах үүднээс хуралдаан эхлэхээс өмнө хооллох, бие засах, утсаар ярих шаардлагатай бол ярих зэргээр хувийн бэлтгэлээ сайтар хангах нь зүйтэй байдаг. Мэдээж хэрэг хуралдаан удаан хугацаагаар үргэлжлэх тохиолдолд даргалагч шүүгчийн зөвшөөрлөөр шүүх бүрэлдэхүүн засварлага авч хооллох, бие засах боломжтой. Мөн тухай хэргийн оролцогч нартай ашиг сонирхлын аливаа зөрчилгүй гэдгээ урьдчилан мэдэх ёстой.

Танд шүүх хуралдааны нийтлэг дэгийг танилцуулъя.

1.Шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг танхимд орж ирэхэд шүүх хуралдааны танхимд байгаа хүмүүс бүгд босч, шүүхэд хүндэтгэл үзүүлнэ.

2.Шүүх хуралдаанд оролцогчид шүүхэд хандаж мэдүүлэг өгөх, үг хэлэхдээ суудлаасаа босно.

3.Шүүх хуралдаанд оролцогч нь өвчтэй бол хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр суугаагаар мэдүүлэг өгч, үг хэлж болно.

4.Шүүх хуралдаанд оролцогч болон шүүх хуралдааны танхимд байгаа бусад иргэд шүүх хуралдааны дэг сахих талаар хуралдаан даргалагчаас гаргасан шийдвэрт захирагдана.

5.Насанд хүрээгүй этгээдийг шүүх дуудаагүй бол шүүх хуралдаанд оруулахгүй.

6.Улсын яллагч, өмгөөлөгч, бусад оролцогчид шүүхийн тогтоол уншиж сонсгоход байлцана.

Дөрөв. Та шүүх хуралдаанд хэрхэн оролцох вэ?

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагаа гэж юу вэ?

Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө хуралдааны танхимд Монгол Улсын төрийн сүлдэнд тангараг өргөнө.

Тангараг өргөх ажиллагаа нь шүүхийн иргэдийн төлөөлөгч хүн шударга ёс, хуулийг дээдлэн хараат бус байх, өргөсөн тангаргаа зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээх учрыг төрийн сүлдэндээ андгайлж буй хүндэтгэлийн арга хэмжээ юм.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах гэж юу гэсэн үг вэ?

Та хэргийн оролцогч нартай төрөл садан, гэр бүлийн харилцаатай, хэрэг маргааныг шийдвэрлэхэд нөлөөлөх хувийн ашиг сонирхол байгаа тохиолдолд уг шүүх хуралдаанд оролцохоос өөрөө, сайн дураараа татгалзан гарах ёстой. Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас та өөрөө сайн дураараа татгалзан гараагүй тохиолдолд шүүх хуралдааны бусад оролцогчид таныг татгалзан гаргах тухай үндэслэл бүхий хүсэлтээ гаргах эрхтэй.

Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо

Эрүүгийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед оролцогчид асуулт тавих, шүүгдэгчийн гэм буруугийн талаар саналаа бичгээр гаргах, дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгох, иргэдийн төлөөлөгч санал зөрвөл саналаа тусдаа гаргана.

Иргэний хэргийн шүүх хуралдаанд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо

Шүүхийн хэлэлцүүлгийн үед зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих, шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэх, хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах, дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно.

Захиргааны хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн оролцоо

Шүүхийн хэлэлцүүлгийн үед иргэдийн төлөөлөгч нотлох баримт шинжлэхэд оролцох, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих, нэмэлт нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргах, хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн гэм буруутай эсэхийн талаар дүгнэлт гаргах, шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэх, хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн гэм буруутай эсэхийн талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт гэж юу вэ?

Иргэдийн төлөөлөгч та шүүх хуралдаанд сууж, шүүх хуралдаан дуусахаас өмнө өөрийн гэсэн дүгнэлт өгөх юм. Энэ дүгнэлтэнд та ямар хэрэгт оролцож байгаа болон хэргийн үйл явдлыг товчхон бичиж, хэрэг үйлдэгдэхэд хэний буруу байсан талаар бичгээр дүгнэлт гаргана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудад бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд 3 хүртэл иргэдийн төлөөлөгч оролцуулахаар заасан бөгөөд энэ тохиолдолд иргэдийн төлөөлөгчид санал зөрвөл саналаа тус тусдаа гаргаж болно.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцож, хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхэд оролцох ба иргэдийн төлөөлөгч та зөвхөн олон нийтийн төлөөлөл, ил тод байдлын илэрхийлэл болохоос гадна мэргэжлийн хуульчийн хэмжээнд ёс зүйг баримтлах, хараат бус, нөлөөнд үл автах нь иргэдийн төлөөлөгчийн эрхэм зорилго мөн.

Тав. Шүүх хуралдаан дууслаа. Танд гүйцэтгэх ёстой бусад үүрэг байгаа юу?

1.Нууц хадгалах

Шүүх хуралдаан даргалагч хуралдааныг хааснаар шүүхийн иргэдийн төлөөлөгч таны гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болно.

Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь таны оролцоо дуусгавар болсон боловч төр, байгууллага хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг нууцлах үүрэг тань хэвээр хадгалагдах болно.

Мөн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр таны сэтгэл санаа болоод хувийн үнэлэмжинд заавал нийцэх албагүй харин хуульд нийцсэн байх ёстой гэдгийг анхаарна уу.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь тодорхой ял шийтгэл хүлээсэн гэм буруутай этгээдийн өмнөөс шаналах, нөхцөл байдлыг өөр дээрээ тусгаж авч сэтгэл зүйгээ таагүй байдалд оруулахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Зургаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгч таны анхаарах шаардлагатай бусад зүйл

1.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

Иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлсийг хориглоно. Үүнд:

1.Шүүх хуралдааныг орхин явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх

2.Шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх

3.Хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах

4.Хэргийн талаар нотлох баримт цуглуулах

5.Өөрт нь итгэмжлэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах

6.Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон талаар мэдээлэл өгөх

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөнөөр ямар хариуцлага хүлээх вэ?

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь санаатай болон болгоомжгүй, хайхрамжгүй ямар ч шалтгааны улмаас дээр дурдсан хориглох үйлдлүүдийг гаргах учиргүй. Хэрэв шүүхийн иргэдийн төлөөлөгч өөрийн үйл ажиллагаанд хориглох үйлдэл гаргасан тохиолдолд таны цаашид иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох эрхийг хасах арга хэмжээ авдаг. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон, эрх зүйн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ажиллагаанд оролцох эрхээ хасуулах нь нэг талаас таныг хүлээсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан болохыг харуулахын зэрэгцээ нөгөө талаас Монгол Улсын Иргэн танд олгогдсон нэгэн онцгой эрх, бас журамт үүргээ нэр төртэй биелүүлж чадаагүй болохыг илэрхийлэх тул нэн анхаарал болгоомжтой, хариуцлагатай хандах нь зүйтэй.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад шалтгаанаар шүүхийн үйл ажиллагаанд оролцохоос санаатайгаар зайлсхийсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг.

Та шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажилласнаар ямар хөлс урамшуулал авах вэ?

Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмаар зохицуулна.

Долоо. Шүүхийн иргэдийн төлөөлөгч таны хараат бус, аюулгүй байдал

Шүүхийн иргэдийн төлөөлөгч таны хараат бус байдал гэж юу вэ?

Шүүхийн иргэдийн төлөөлөгч таны хараат бус байдал гэдэг нь эрх зүйн хэрэг маргааны үйл баримт, хэргийн бодит байдлыг тогтоох, дүгнэлт гаргахдаа ямар нэг сэтгэлийн хөдлөл, хөндлөнгийн оролцоо, дарамт шахалтгүйгээр, аливаа хувийн ашиг сонирхол харахгүй байх явдлыг ойлгоно.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч таныг шүүх хуралдаанд оролцох, дүгнэлт гаргах ажиллагаанд шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч болон өөр бусад ямар ч этгээд аливаа хэлбэрээр нөлөөлөхийг оролдох явдлыг хуулиар хориглодог.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч танд хөндлөнгөөс хэн ч, ямар ч хэлбэрээр нөлөөлөх эрхгүй болохыг сайтар ухамсарлаж, өөрийн хараат бус байдлаа хамгаалах, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх чадвартай байх нь чухал юм.

Хэн нэгэн нь таны шүүхийн иргэдийн төлөөлөгчийн ажил үүрэгтэй холбогдуулан хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдвол та яах ёстой вэ?

Шүүхийн иргэдийн төлөөлөгч танд дээрх болон өөр бусад хэлбэрээр хөндлөнгөөс нөлөө үзүүлэх, таны хараат бус байдалд халдах аливаа оролдлого мэдэгдсэн буюу илэрсэн тохиолдолд энэ тухай Шүүхийн тамгын газрын ажилтанд яаралтай мэдэгдэж, шүүгчийн нэгэн адил доорхи нөлөөллийн мэдүүлэг бөглөнө.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч таны хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх ямар нэгэн оролдлого гарсан тохиолдолд та тухайн нөлөөлөх оролдлого гаргасан этгээдээс айж эмээх, сүрдэх, түүнээс болоод энэ тухай Шүүхийн тамгын газарт мэдээлэхгүй нуун дарагдуулах, нөлөөллийн мэдүүлэг бөглөхөөс татгалзаж болохгүй. Учир нь энэ тухай нуун дарагдуулах нь хожим илүү ноцтой сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй ба харин нэн даруй мэдээллэж, нөлөөллийн мэдүүлэг бөглөсөн байдал тань таныг хараат бус ажилласан, гадны нөлөөнд автаагүй болохыг тань харуулна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч таны хараат бус байдалд халдсан этгээдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн холбогдох шүүхээс тодорхой хариуцлага хүлээлгэдэг.

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив