МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албатай хамтран Үндсэн Хуулийн талаар мэдээлэл хүргэх зорилготой Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан чөлөөт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их хурлын депутат Д.Чулуун оролцсон нь онцлог байв. Мөн хуулийн салбарыг төлөөлж Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн eрөнхий шүүгч С.Оюунтунгалаг, залуучуудыг төлөөлж Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сүхбаяр, төрийн албан хаагчдыг төлөөлж Баруун-Урт сумын Eрөнхий боловсролын 3 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Г.Гэрэлцэцэг нар болон төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа залуучуудын төлөөлөл 40 хүн оролцов.
Ардын Их хурлын депутат Д.Чулуун 1992 онд Монгол Улсын Үндсэн Хуулийг баталсан үйл явцын талаар, бусад зочид Үндсэн хуулийн талаарх ойлголт, зарим онцлог зохицуулалт, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. Түүнчлэн оролцогч залуус Засаглал, Эрх мэдлийн хуваарилалт, Хүний эрхийн хэрэгжилт, Сонгуулийн тогтолцоо, Иргэний үүрэг зэрэг сэдвүүдийг хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Төгсгөлд нь Хууль, эрх зүйн хэлтсээс “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд орсон нэмэлт, өөрчлөлт, хүний эрхийн хэрэгжилт”-ийн сэдвээр мэдээлэл өгч, Улсын Их хурлын Тамгын газраас бэлгэсэн “Үндсэн хуулийн боловсрол” гарын авлага тараалаа.